Танин мэдэхүй
2016-05-04
iq тест бөглө

Ангилал: IQ

 

Оюун ухааныг хэмжих болсон түүх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, өөрийн үеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын үр дүнг хараад төрсөн сэтгэгдлээрээ "Авьяасыг өвөлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бүтээл хэвлүүлжээ. Хүмүүсийн хувийн онцлогийг тайлбарлахыг оролдохдоо тэрээр сэтгэл судлал ба антропологид удамшлын тухай ойлголтыг анх оруулжээ. Гальтон нэртэй хүмүүсийн намтрыг судалж үзэхдээ, тэдний садан төрлийн холбоо хир ойр болохыг олж тогтоохыг оролджээ. Эдгээр судалгаанаас тэр, оюун ухааны өндөр чадвар нь олон талаараа удамшлын хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг, гэхдээ тухайн хүн түүнийгээ илрүүлж, дэлгэж чадах эсэхэд өөр олон нөхцөл нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн байна. Хүний төрөл бүрийн (бие бялдрын болон сэтгэл зүйн) шинж чанарууд хоорондоо холбоотой гэж үзсэний үндсэн дээр, тэдгээрийг тодорхойлох статистик аргачлал зохиожээ.

Үүний тулд тэрээр анх удаа оюун ухааныг 120 үзүүлэлтээр хэмжих тест ашигласан байна. Түүний бодож байгаагаар, энэ бүгд нийлээд хүний оюун ухааныг бүрэлдүүлдэг ажээ. Гальтоны энэ санаа евгеник үзлээсээ болж хожим халагдсан юм. Тэр өөрийн тестээр хүмүүсийн оюун ухааны түвшнийг тогтоогоод, зөвхөн ухаантай хүмүүст хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, ухаан муутай, тэнэг хүмүүст гэрлэхийг хориглох санаа дэвшүүлж байсан юм. Оюун ухааныг хэмжих тестийг улс төрийн ба ёс суртахууны үүднээс шүүмжлэх шүүмжлэлүүд ийм төрлийн тестүүд анх үүссэн тэр үеэс, бараг хамт бий болж өдийг хүртэл зэрэгцэн оршсоор байгаа.

Оюун ухааныг тоон үзүүлэлтээр тодорхойлох туршлага 1904 онд дахин сэргэсэн юм. Гэхдээ энэ удаад оюунлаг төгс үндэстэн бий болгох хийсвэр санаан дээр бус, сурлагадаа хоцорч буй хүүхдүүдэд туслах гэсэн арай бодитой үндэслэл дээр тулгуурлан гарч ирсэн билээ.

Парист боловсролын сайдын даалгавраар Теодор Саймон, Альфред Бине нар энгийн бодлогуудын хариуны үр дүнг нэгтгэн, тодорхой насан дээрээ хүүхэд юу хийж, юу мэдэж байх ёстойг тогтоожээ. Жишээ нь, зургаан настай хүүхэд сайхан, муухай царай, үдээс өмнөх ба үдээс хойшхи хугацааг ялгаж, ромбо дүрсийг дуурайлган зурж, 13 зоос тоолж чаддаг байх ёстой. Найман настайдаа, санаагаараа хоёр дүрсийг ялгадаг, нэгээс хорь хүртэл, мөн хориос нэг хүртэл тоолдог, өдөр, гаригийг хэлж мэддэг, 20 дотор дурын таван тоог уруудуулан нэрлэдэг, өөрт нь харуулсан зураг дээр дутуу байгаа зүйлсийг хэлж чаддаг байх ёстой гэнэ.

Ийнхүү хүүхдийн нас насанд тохирсон бодлогуудын жагсаалттай болжээ. Зарим хүүхдүүд өөрийн наснаас илүү хүндэвтэр бодлогуудыг ч бодож чадна гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ 7 настай хүүхэд 8 настай хүүхдэд зориулсан бодлогыг бодож чаддаг бол, түүний оюуны насыг 8 настай хэмээн тооцож байв. Эхний үед оюуны өндөр чадамж ба оюуны хоцрогдлыг төрсний болон оюуны насны зөрүүгээр хэмжиж байжээ, хүүхдийн оюун ухаан нь биологийн наснаасаа хэдэн насаар түрүүлж, хоцорч байна вэ гэж ярьдаг байсан байна.

Яваандаа төрсний ба оюуны насны ялгаа жилээс жилд нэмэгдэж байхыг цөөнгүй тохиолдол дээр ажигласан байна. Ингэхэд наснуудын хоорондын ялгавар өөрчлөгдсөн хэрнээ, тэдгээрийн хоорондын харьцаа л тогтмол хэвээр үлдэж байжээ.

1911 онд Австрийн сэтгэл зүйч Штерн энэ харьцааг 100-д үржүүлээд "оюун ухааны коэффициент" (IQ) хэмээн нэрлэжээ. Бүх насны бүлгүүдийн дундаж IQ хэзээд зуутай тэнцүү. Хэрэв зургаан настай хүүхэд найман настай хүүхдийн бодлого бодсон бол түүний IQ 133 = 8 : 6 х 100 байна.

Явцын дунд тестүүд улам боловсронгуй, хүндрэлтэй болсон боловч ерөнхий зарчим нь хэвээр үлдсэн юм.

Хүний төрсөн цагаас эхлэн ойролцоогоор 12 нас хүртэл оюун ухаан нь маш эрчимтэй хөгждөг. 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг. IQ-ийн бага үзүүлэлттэй хүмүүсийн хувьд хөгжил нь нилээд эрт зогсож, бууралт маш огцом явагдах байдал ажиглагддаг.

Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх болно. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз! IQ-г тогтоохын тулд бид урьдын адил хүмүүст тест бөглүүлээд, тус бүрийнх нь зөв хариултыг тоолно. Зөв хариултын дундаж хэмжээг 100 оноотой тэнцүү IQ хэмээн тооцно. Ийм маягаар бүх үр дүнгийн хязгаарыг олоод үүнийгээ IQ=90 ба IQ=110 гэж үзнэ.

Ийнхүү насанд хүрсэн хүний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхүүн юм. Үнэн хэрэг дээрээ бид хүмүүст, хэрэв энэ ойлголтыг түүний насанд хэрэглэж болох байсан бол түүний оюун ухаа¬ны коэффициент хэдтэй тэнцүү байх байсан бэ гэдгийг л мэдээлж байна гэсэн үг юм.

Тестийн бүтэц
IQ тодорхойлох тест нь
- Вербаль сэтгэлгээ (үгтэй ажиллах чадвар),
- Математик сэтгэлгээ (тоотой ажиллах чадвар),
- Орон зайн сэтгэлгээ (геометрийн дүрснүүдтэй ажиллах чадвар) гэсэн оюун ухааны гурван чадварыг үнэлэх даалгавруудаас бүрддэг.

Хамгийн энгийн жишээнүүдийг авч үзвэл, таны вербаль сэтгэлгээг дүгнэхэд дараах даалгаврыг санал болгож болгох юм.
САН_ЛАГ
Даалгавар: Хоосон зайд нь эхний үгний хоёр дахь үе, дараагийн үгний эхний үе болох гурав дахь үгийг орлуулж тавина уу.
Хариу: CAP. Бид хоосон зайг энэ үгээр орлуулбал САНСАР, CAP, САРЛАГ гэсэн гурван үгтэй болно.

Математик сэтгэлгээ нь тоогоор авсан жишээний тусламжтай үнэлэгдэнэ. Жишээ нь, дараах тоонууд өгөгдөнө.
9,12,.....18
Даалгавар: Энэ эгнээнд орхигдсон тоог нөхөж бичих.
Хариу: 15.
Энэ бол хамгийн хөнгөн жишээ. Хэрэв та үржүүлэхийн 3-ын хүрдийг мэддэг бол 15 гэсэн тоо байх ёстой юм байна гэдгийг төвөггүй мэднэ. Арай илүү хүнд жишээнүүд дээр толгойгоо ажиллуулах хэрэгтэй ч, ялгаагүй л тоотой ажиллана.

Эцэст нь орон зайн сэтгэлгээ. Танд нийлмэл дүрснүүд дотроос энгийн дүрсийг олох юмуу хоосон зайг аль нэг тохирох дүрсээр бөглөх гэсэн даалгавар ирнэ. Ийм даалгаврыг зөв гүйцэтгэхийн тулд, нийлмэл дүрсийг бүтээж байгаа хэсгүүдийг олж харж чадах, мөн эдгээр дүрснүүдээр өөр ямар нийлмэл хувилбар зохиож, тэр нь яаж харагдахыг төсөөлж чаддаг байх хэрэгтэй.
Жишээ нь, орон зайн сэтгэлгээ шалгасан дараах дасгал:

1.2.3.4.5.

Хүн бүрт эдгээр сэтгэлгээнүүд харилцан адилгүй байдалтай төлөвшсөн байдаг. Таны оюун ухааны чад¬варыг нарийн дүгнэхийн тулд нэг даалгаврыг гурван өөр төрлөөр хэлбэрээр (вербаль, тоон, орон зайн) гүйцэтгүүлнэ.

1. Хар ба цагаан, өндөр ба_____.
1) намхан, 2) ногоон,
3) дээш, 4) хол.

2. 14 ба 7, 30 ба__нь ижил харьцаатай.
1) 15, 2) 13, 3) 20, 4) 11.

3. ↑ нь ↓-д, ←нь__мэт хамаарна.
1) ↑. 2) ↓, 3) ←, 4) →

Эдгээр дасгалууд нь таны тоон болон орон зайн сэтгэлгээг үгний тусламжтай шалгаж байгааг та анзаарсан байх. Таны үгтэй ажиллах чадвар муу байсан ч, тоо ба сумнуудын учрыг сайн олдог бол 2 ба 3 дугаар дасгалыг гүйцэтгэн, дээрхийг доорхоос ялгаж, 30-ийг хоёрт хувааж чадна гэдгээ харуулна. Харин сумнуудаас айдаг бол санаа зовох зүйл алга, 1 ба 2 дугаар дасгалыг бодоод боломжийн оноо авч чадна гэсэн үг.
Дасгалыг амжилттай гүйцэтгэхийн тулд, нэгдүгээрт, дасгалын нөхцөлийг ойлгох, хоёрдугаарт, түүнийг бодох аргыг түргэн ажиглахад л байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөө ухаанаа л дайчилна гэсэн үг л дээ.

Тест бүрийг тодорхой хугацаанд амжиж бөглөнө. Дээд зэргийн амжилт үзүүлэхийн тулд аль болох хурдан, зөв бөглөх, шууд мэдэхгүй асуудал дээр удаан бодож цаг алдахгүй байх хэрэгтэй. Хамгийн сайн арга бол асуултуудыг бүгдийг нь гүйлгэж харчихаад, эхлээд хөнгөн дасгалуудыг, харин дараа нь хатуу самруудыг нь хагалах юм.
Орчин үеийн оюун ухааны тестийг бүтээгч Ганс Айзенк, тестээр хэмжиж буй энэ гурван сэтгэлгээ нь хүний амьдралд бодитоор хэрэг болдог гэж тооцжээ. Сэтгэл зүйчдийн авч үздэг хувь хүний олон хувийн чадваруудыг ердөө дээрх гурван сэтгэлгээнд хуваарилж авч үзэж болно гэдгийг тэр дүн шинжилгээний аргаар тогтоожээ.

Зохиогч онолын бат бэх үндэслэл үлдээгээгүй ч, түүний гол зорилго нь оюун ухааныг хэмжих ажлын багаж хэрэгсэл бүтээх явдал байсан юм.

Эцсийн дүнд оюун ухааны ерөнхий чадвар хэмжигдэж байгаа нь чухал ба энэ нь төрөл бүрийн бодлогын хариунаас бүрдэж байгаа юм. Хариултууд өмнө нь тогтоосон, тодорхой хэмжээсээр үнэлэгдэнэ. Бүх бодлогуудын онооны ерөнхий дүнг, асар олон хүмүүс дээр хийсэн туршилтын явцад боловсруулж гаргасан хүснэгтийн дагуу IQ-ийн үзүүлэлтэд шилжүүлнэ. Цагийн явцад IQ-ийн ерөнхий үзүүлэлт л хамгийн ихээр удам дамждаг болох нь харагджээ.

 IQ
 Дүн
 
170 ба дээш оноо
 Гоц ухаантны IQ
 
156-169 оноо
 маш өндөр IQ
 
137-155 оноо
 өндөр IQ
 
120-136 оноо
 дундаас дээш IQ
 
106-119 оноо
 дундаас доош IQ
 
90-105 оноо
 Бага IQ
 
89 ба доош оноо
 маш бага IQ
 

Comments


Бичлэг: 8 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. сонин хачин бичлэг
. Хөдөлгөөн
. Гэрэл Цахим хичээл
. монгол хэл 5-анги
. цахим хичээл
. Дэлхийн шилдэг илбэчин
. Илбийн сургалт
. iq тест бөглө
. IQ гэж юу вэ?
. Мэдээлэл гэж юу вэ?
. Мэдээлэл хvртэх нь- зарчмууд, хэвлэл мэдээлэл ба мэдээллийн эрх чөлөө
. Яагаад зөгийнүүд зун тийм их завгүй байдаг вэ?
. Амьтад яагаад өнгөө сольдог вэ?
. Гэр ахуйн АШИГТАЙ 10 зөвөлгөө
. Зөвлөгөө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Одмаа
. Батбаяр
. Өлзий жаргал
. Баяраа
. Энхсаран
. Баяржаргал
. Ууганням
. Сарантуяа
. Цэцэгдэлгэр
. Хажидсүрэн
. Төгөлдөрмаа
. Оюунсүрэн

Найзууд

Зохиогчийн эрх

© Танин мэдэхүй




:-)
 
xaax